Улсын хэмжээнд 3-5 настай хүүхдийн 85.7 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ

оруулсан Алсын Хараа

Сургуулийн өмнөх боловсролын салбарт 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Энэ хичээлийн жил өмнөх хичээлийн жилүүдээс ялгаатай нь хичээл, сургалтыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх гэж байна. Энэ хүрээнд нийт багш, ажилчдын 85 хувьд хичээл, сургалтаа зохион байгуулах зөвлөмж өгчээ.

Улсын хэмжээнд 3-5 насны 232 мянга 435 хүүхэд байгаагаас 85.7 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1 449 цэцэрлэг ажиллах урьдчилсан төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлаа хангаж байгааг тэрбээр хэллээ.

БШУЯ байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулахыг дэмжсэнээр 10 байгууллагын 550 хүүхэд аав, ээжийнхээ ажилд ойрхон цэцэрлэгт хамрагджээ. Энэ жилээс ХХААХҮЯ, ИНЕГ, АШУҮИС дэргэдээ цэцэрлэг байгуулж, тэдгээрт тухайн байгууллагын ажилтны 275 хүүхэд хамрагдах боломжтой болжээ.

Энэ жил Улаанбаатар хотод 8 хувийн цэцэрлэг шинээр байгуулах зөвшөөрөл авч, хүүхдүүдээ авах бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн СӨБ-ын салбарын хувьд мэргэжлийн багшаар дутагдахгүй гэсэн дүн гарсан бол дуу хөгжмийн багш, цэцэрлэгт ажиллах эмч дутагдалтай байгаа аж.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хичээл эхлэхээс өмнө цэцэрлэгийн багш, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах ёстой бөгөөд одоогийн байдлаар 78 хувь нь үзлэг, шинжилгээнд хамрагджээ.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, “Хорио, цээрийн дэглэмийн хувьд хичээл сургалт, анги танхимыг хэрхэн бэлтгэж буй талаар мэдээллүүдийг авч үзсэн. Улирлын томуугийн ханиад 4 хүртэлх насны  хүүхдийн дунд 67 хувьтай байна. БШУ-ны сайдын баталсан түр журамд ханиад хүрсэн, халуунтай хүүхдийг гэрийн нөхцөлд эмчилснийх нь дараа авах чиглэл өгсөн. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ халуун хоол хүнс өгч, дархлааг нь дэмжихэд анхааран улирлын томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарахыг зөвлөж байна” хэмээв.

Энэ сарын 21-ний байдлаар бүх цэцэрлэг цэвэрлэгээ, ариутгал хийсэн бөгөөд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэлийг гурван удаа хийлгэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих