Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гаас 5х5 сагсанбөмбөгийн 17 хүртэлх насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд Монгол Улсын хөвгүүдийн баг алтан медаль хүртэв.
Дэлхийн хамгийн шилдэг ур чадвартай багийг тодруулах онлайн гэдгээрээ онцлогтой энэхүү тэмцээний аваргаар Монголын хөвгүүд шалгарсан нь дэлхийн сагсан бөмбөг сонирхогчдыг алмайруулсан энэ цаг үеийн онцгой үйл явдал байлаа.
Өсвөрийн сагсчид “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” хэмээх эрхэм алдрыг хүртэхдээ гурван дээд амжилтыг тогтоож Дэлхийн сагсан бөмбөгт өвөрмөц түүхийг үлдээж чадлаа.
Тодруулбал, Монголын баг хасагдах шатанд Пуэрто Рико улсын эсрэг тоглохдоо 118:109-өөр, Гвиней улсын багийг 119:111-ээр, аваргын төлөө Болгар улсын багийг 99:124-өөр хожин өөрсдийн тогтоосон онооны дээд амжилтаа шинэчилсээр аварга болсон юм.
Харин анхдугаар ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнд эмэгтэй багуудаас урд хөрш БНХАУ-ын баг 118:119-өөр Польш улсын багийг хожиж Дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Монголын сагсанбөмбөгчин Г.Болор-Эрдэнэ тодорсон байна.
Монголчуудын бахархал нэгээр нэмэгдэж байгаа баяртай мэдээтэй зэрэгцэн гайхалтай содон сонинг дуулгахад, Монголын 5х5 сагсчид энэ цаг үеэс эхлэн олон улсын тэмцээнд чөлөөтэй оролцох боломжтой болж байна. 2013 оноос хойш Монголын сагсанбөмбөгийн холбооны 5х5 сагсан бөмбөгийн төрөл хэсэг нөхдийн буруутай үйл ажиллагааны улмаас дэлхийд өрсөлдөх эрхээ хасуулаад байсан аж.
Онлайн тэмцээнийг ямар дүрэм, журмаар зохион явуулсан талаар сонирхуулахад, Таван хүний бүрэлдэхүүнтэй баг цагтай уралдаж нэг хүн дээд тал нь 6 оноо авах боломжтой бөгөөд авсан 6 оноогоо секундээсээ хасч, аль бага оноотой нь хождог дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, хурдан бөгөөд төгс дамжуулалт, шидэлт, залалтыг гүйцэтгэх хэрэгтэй. Монголын багт газар газраас нэгдсэн зургаан хүүхэд нэг баг болсон байна.