Манай улсад бүртгэгдсэн коронавирусний 298 тохиолдлын 96.9 хувь нь эдгэрчээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 1011 хүнд шинжилгээ хийхэд бүх хариунд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Дээрх шинжилгээнд 8 дугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүн /давтан/, 8 дугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 253 хүн /давтан/, 9-нд Франкфуртаас ирсэн 189 хүн /давтан/, 11-нд Прагаас ирсэн 262 хүн /давтан/, Орхон аймагт тусгаарлагдсан  70 хүн /давтан/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн, тусгаарлан ажиглах байранд буй 21 хүн /давтан/, гадаад руу явах хүсэлт гаргасан 50 хүн, эмч, ажилчид 28 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 18 жолоочийн шинжилгээ багтжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусний 298 тохиолдол бүртгэгдсэнээс  289 буюу 96.9 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор 9 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, 8 нь хөнгөн байна.

Мөн гэрийн ажиглалтад 40 хүн, сувиллын шатанд 31 хүн шилжсэн бол 218 хүний тандалт ажиглалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д 27 хүн ажиглалт, тандалтад байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр “Өчигдөр 20 хүн шинээр тусгаарлагдаж 8 хүн тусгаарлалтаас гарлаа. Тусгаарлан ажиглах байранд байгаа 3574 хүнд 38 их эмч, 104 резидент эмч, 91 төрийн алба хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээр хүмүүст 15 их эмч, 30 сувилагч, асрагч  тусламж үйлчилгээг үзүүлж байна” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодотгов.

Сэтгэгдэл бичих