Мюнхений “Бавария” баг финалын тоглолтод Францын “Пари Сен-Жермен” багийг 1:0 онооны харьцаагаар хожиж, Аваргуудын лигийн ялагч болжээ. Багууд Португалын нийслэл Лиссабонд учраа таарсан юм.
Хоёр баг хоёул энэ тэмцээнд маш чадамгай тоглосон хэдий ч тоглолт олон гоолтойгоор үргэлжилнэ гэж хүлээж байсан хөлбөмбөг тайлбарлагчдын таамаглал зөрж, тоглолтын нэгдүгээр үе үр дүнгүй өндөрлөжээ.
Тоглолт ширүүн бөгөөд тун жигд явагдсан хэдий ч “Бавария” багт гоол оруулах хэд хэдэн сайхан боломж гарсан юм. Энэ улиралд 50 гаруй гоол оруулсан тоглогч Роберт Левандовский цохилт хийсэн боловч хаалганы хөндлөвчийг оножээ. Харин завсарлагааны дараа оноогоо тэнцүүлэх алтан боломжийг “Пари Сен-Жермен” багийн довтлогч Килиан Мбаппе ашиглаж чадаагүй юм.
Тийнхүү өмнө нь “Пари Сен-Жермен” багт тоглож байсан “Бавария” багийн хагас хамгаалагч Кингсли Коман тоглолтын хоёр дахь үеийн 59 дэх минутанд толгойгоороо гоол оруулсан юм. Баварчуудын зохион байгуулалттай хамгаалалт, хаалгач Мануэл Нойерын чадамгай тоглолтын хүчинд Францын багийн оноогоо тэнцүүлэх гэсэн бүх оролдлого талаар болжээ.
“Бавария” ялалтын замд хүрэхдээ бүх тоглолтод хожиж Аваргуудийн лигийн ялагч болсон анхны баг болсон байна. Өмнө нь ямар ч баг ийм амжилтыг гаргаж чадаагүй юм. Тийнхүү “Бавария” баг Аваргуудын лигт 6 дахь удаагаа ялалт байгуулснаас гадна багтаа хоёр дахь удаагаа хэт-трик хийсэн нь энэ аж.
Харин Францын аваргад ээлжит удаагаа ялж, энэ улиралд маш сайн тоглолтыг үзүүлсэн "Пари Сен-Жермен" багийн хувьд европын цом мөрөөдөл хэвээр үлдэж байна.
“Бавария” Аваргуудын лигийн ялагчийн хувиар Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ Супер цомын тоглолтод Европын лигт ялалт байгуулсан Испанийн "Севилья” багтай тоглох аж. Тоглолт 9 дүгээр сарын 24-нд Будапештед болно. Аваргуудын лигийн тоглолт коронавирусний цар тахлын улмаас 3 дугаар сард цуцлагдаж, 8 дугаар сарын 7-нд эхэлсэн юм. Бүх тоглолт Лиссабонд үзэгчгүйгээр үргэлжилсэн юм. ЛОНДОН. /BBC/