Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрч өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж буйг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Тухайн хоёр иргэний хувьд, 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна. Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 298 бүртгэгдсэнээс 283 нь эдгээд байна.
“Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 28, гэрийн ажиглалтад 38 хүн байгаа бол 217 хүний тандалтын хугацаа дууссан. Одоо 15 хүн эмчлүүлж байгаагийн 13 нь биеийн байдал хөнгөн, 2 хүн эрчимт эмчилгээний тасагт байна. Өчигдөр тусгай онгоцоор 147, өнөөдөр 266 хүн ирсэн. Эдгээр хүмүүсийн тандалт, судалгаа, шинжилгээг хийж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Улсын хэмжээнд энэ сарын 20-нд гурван лабораторид 709 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Дээрх шинжилгээнд 8 дугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 249 хүн, 8 дугаар сарын 7-нд Шинэ Делигээс ирсэн 179 хүн, тусгаарлах байранд буй 9 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа 40 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдийн боомтоор 8 дугаар сарын 1-нд ирсэн 99 хүн, 8 сарын 18-нд ирсэн 105 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 6 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.