Коронавирусээр халдварласан 281 хүн эдгэрчээ

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид өчигдөр нийт 602 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.

Энэ тухай өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Манай улсад шинэ коронавирусний халдварын батлагдсан 298 тохиолдол бүртгэгдсэнээс 281 хүн эдгэрээд байна. Үүнээс 52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 215 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 17 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 65-аас дээш насны 2 хүн байна. Нийт 35 хүн эмчилгээ, ажиглалт тандалтад байна.

 

Өчигдрийн шинжилгээнд 7 дугаар сарын 31-нд Сиднейгээс ирсэн 186 хүний давтан шинжилгээ, 8 дугаар сарын 1-нд Сөүлээс ирсэн 259 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 46 эмч, ажилтан, гадны улс оронд явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 6 сорьц, тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ тус тус багтжээ.

 

Сэтгэгдэл бичих