Нийслэлийн Хууль зүйн туслалцааны төвөөс улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах үүрэг гүйцэтгэх юм.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Монгол Улсын иргэн, хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан, мөн компьютерийн өргөн хэрэглээний программын мэдлэгтэй, албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэг, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан байх шаардлагатай аж.
Дээрх шаардлагыг хангасан иргэн сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет, төрийн албан хаагчийн анкет, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар, шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар, дээд боловсролын дипломын хуулбарыг бүрдүүлэх юм.
Түүнчлэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар буюу нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл зэргийг бүрдүүлэн [email protected] цахим хаягаар ирүүлэх юм байна.
Материалыг энэ сарын 31-ний 17 цаг хүртэл хүлээн авч байна. Мөн 7000-4030 утсаар материал хүлээн авсан эсэхийг лавлаж баталгаажуулах боломжтой.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан цаг үеийн шаардлагаар сонгон шалгаруулалт болох товыг жич зарлах аж.