Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх төвийг нээлээ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, инновацын газраас хэрэгжүүлж буй "10 мянган программист" бэлтгэх төслийн хүрээнд мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын "Гэрэгэ Академи" төв нээлээ.

Уг төвд хүүхэд, залуус алгоритм зохиох суурь мэдлэг, чадварыг эзэмшиж, программ бичих мэдлэг олж авах боломжтой аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төвийг нээж хэлэхдээ, “Бид Аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээлэл технологийн салбартай хөл нийлүүлэн алхаж байж дэлхий нийтийн хөгжлийн эрин зуунд амьдарна. Тийм учраас Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залууст сурах боломжийг бүрдүүлж байна" гэв.

Тэрээр, мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбар хөгжих боломж нээгдэнэ. Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бий болж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай. Улаанбаатар хот “цахим хот” болохын суурь үндэс нь эдгээр чадварлаг программистууд юм. Тиймээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүхий талаар дэмжинэ” гэдгээ илэрхийллээ.

Сургалтын төвийн нээлтэд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Инновац, технологи хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, "Гэрэгэ системс" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, багш Ю.Намсрай, Д.Гармаа болон академийн суралцагчид оролцов.

Сэтгэгдэл бичих