Монгол жүжигчид Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино энэ сарын 21-нд Монгол Улсад албан ёсны нээлтээ хийнэ.
Энэхүү киноны албан ёсны эрхийг “Black Stallion” продакшн авч монголчууддаа толилуулах юм. Тус кинонд жүжигчин, модель Б.Ганчимэг Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран тогложээ. Түүнчлэн Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүр бүтээжээ. Эдгээрээс гадна Монголын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна.
Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг зэрлэгүүд гэж нэрлэнэ. Зэрлэгүүд хот руу довтолно гэсэн худал цуу ярианаас үүдэж Эзэнт гүрний цэргүүд тус бүс нутагт ирж, зэрлэгүүдийг тамлан зовоодог. Харин эзэнт гүрний мэдлийн хот руу зэрлэгүүд хэзээ ч төлөвлөөгүй довтолгоонд бэлтгэнэ. Хот зэрлэгүүдийг хүлээнэ. Эцэст нь жинхэнэ зэрлэг нь хэн бэ гэдгийг кинонд өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, соёлч нийгмээр халхалсан жинхэнэ зэрлэгүүдийн тухай энэ кинонд харуулах юм.
Зохиолч J.M. Coetzee /Ph.D/ нь 1940 онд Өмнөд Африкт төрсөн. Өмнөд Африк гаралтай Австралийн иргэн хэл шинжлэлийн ухааны доктор, зохиолч тэрбээр 2003 онд “Waiting for the Barbarians” зохиолоороо Нобелийн шагнал хүртжээ. Түүний бүтээлүүд байгаль экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдгаараа онцлог юм.