ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийтдээ 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Үүнд, өнгөрсөн сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 268 хүн, долоодугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, сувилалд 6, тусгаарлах байранд байгаа 31, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6, Алтанбулаг боомтоор орж ирсэн 30 хүний шинжилгээний хариу багтаж байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний батлагдсан 298 тохиолдол бүртгэгдсэнээс 276 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 22 хүний 20 нь биеийн байдал хөнгөн, хоёр хүн хүндэвтэр байна.
Одоогоор сувилалд 47, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол 213 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.