Монголын даамчин охид цомын эзэд боллоо

оруулсан Алсын Хараа

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахимаар зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын даамчин охид тодорлоо.

Бүтэн 2 сар үргэлжилсэн тус тэмцээний эхний шатанд 11 орны бүсгүйчүүд тойргийн журмаар тоглоход манай улсын баг Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийн багийг хожин, Латви, Израиль, БНХАУ-ын даамчидтай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм.
Улмаар хасагдах шатанд их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожив.

Харин хагас шигшээд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж байсан дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар толгойлуулсан ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм. Ийнхүү аваргын төлөө ДАШТ-ийн мөнгөн медальт ОУИМ Ольга Федорович, хүрэл медальт ОУИМ Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Виктория Никалаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай тоглохоор боллоо.

Хэдийгээр хэсэгтээ учраа таарахад манай охид 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байлаа. дугаар сарын 14-нд болсон шигшээ эхний тоглолтод Монгол Улсын баг 5:3-аар илүүрхэв. Гуравдугаар ширээнд тоглосон ДДХМ Б.Мөнхжин ялалт байгуулж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болсон юм. Гэвч наймдугаар сарын 15-ны өчигдрийн хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, нэг, гуравдугаар ширээний тоглогчид хожигдов. Харин шийдвэрлэх  мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорлоо.

Даамын хүчирхэг гүрнүүдийн тамирчдыг ээлж дараалан түрүүлсэн Монголын багийн талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” хэмээн дүгнэж байна.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:

Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070,

Энхболдын ХҮСЛЭН - Дэлхийн даамын холбооны мастер, 2070,

Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН - Дэлхийн даамын холбооны мастер, 2041,

Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023,

Баатархүүгийн МӨНХЖИН - Дэлхийн даамын холбооны мастер, 2020,

Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР - Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005,

Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ - Дэлхийн даамын холбооны мастер, 2001,

Баатархүүгийн АНУЖИН - Спортын мастер, 1989.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих