Манай улсад өчигдөр буюу 8 дугаар сарын 15-ны байдлаар 544 хүн “COVID-19”-ийн шинжилгээний ажиглалтад шинээр орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжив.
Өнөөдрийн /2020.08.16/ байдлаар 3626 хүнд 34 их эмч, 84 резидент, төрийн 110 албан хаагч үйлчилж буйг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн тусгаарлалтад байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Дээрх хүмүүст 13 их эмч, 40 гаруй сувилагч эмч, асрагч нар үйлчилж тандан судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨҮСТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь вирус судаллын салбар лабориторид нийт 627 хүнийг шинжилснээс коронавирус илрээгүй байна. Шинжилгээнд:
- 8 дугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
- 8 дугаар сарын 14-нд мөн Сөүл-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 265 хүний эхний шинжилгээ,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ,
- сувилалын ажиглалтад буй 32 хүний давтан шинжилгээ,
- Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаад буй 2 хүний давтан шинжилгээ тус тус орж байна гэв.
Өнөөдөр ХӨҮСТ-өөс 4 хүн эдгэрэн гарч байна. Энэ нь 7 дугаар сарын 14-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн, 32, 34, 35 насны Энхийг сахиулагч дайчид байна. Ингээд манай улсад зөөвөрлөгдөн орж, ирсэн батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн нь 276 хүн. Эдгээрээс сувилалын ажиглалтад 48 хүн, гэрийн ажиглалтад 21 хүн, ажиглалт тандалтын хугацаа нь дууссан 207 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨҮСТ-д 22 эмчлүүлж ажиглалт тандалтад байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, 20 хүний биеийн байдал хөнгөвтөр байна. Нийтдээ ХӨҮСТ-д 45 хүн тандалт судалгаа, ажиглалтад байна.
Өнөөдөр өглөө 08.00 цагт тусгаарлалтын ажиглалтын байранд байсан жирэмсэн эмэгтэй Халдвартын клиникт төрж амаржлаа. 3 кг 400 гр жинтэй, 54 см охинтой болжээ.