Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
Засгийн газраас 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудаас санал авч энэхүү төслийг боловсруулсан байна.
Уг үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлгээс бүрдэхээр тусгасан бөгөөд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний бодлогын чиглэлийг нарийвчлан заасан. Тухайлбал,
1.Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.
2.Хүний хөгжлийн бодлого
Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.
3.Эдийн засгийн бодлого
Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх гэсэн хоёр дэд хэсэг бүхий зорилтот арга хэмжээг тусгасан.
4.Ногоон хөгжлийн бодлого
Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
5.Засаглалын бодлого
Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоон, хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг мөрдүүлнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6.Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой барих суурь зарчимд тулгуурлажээ.
“МОНГОЛ УЛСЫГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй.
Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болно. Дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай хүргэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Мөн эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэх юм байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс