ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 462 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүн, наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүн, сувилалд тусгаарлагдаж байгаа 5 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 9 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний тус бүрийн давтан шинжилгээний хариу коронавирус илрээгүй байна.
Монгол Улсад КОВИД-19 -ийн 297 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эдгэрсэн 269 хүний 46 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байгаа бол, 207 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүнээс 26-гийнх нь биеийн байдал хөнгөн, харин 65-аас дээш насны астам, чихрийн шижин өвчтэй хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.