Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа /2020.08.10/ гарагт "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, 30 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргажээ.
Энэ талаар АТГ-ын албаны хүмүүсээс тодруулахад "Яллагдагч Хойд овгийн Хадбаасангийн Бат-Эрдэнэд 2020 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 30 хоног буюу нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх мэдээллийг өглөө.
Хөгжлийн банкнаас шаардлага хангахгүй үзүүлэлттэй аж ахуйн нэгждээ зээл авчихаад төлөлгүй хил давж зугтсан “Алтай констракшн” компанийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийг олохын тулд АТГ зэрэг хууль хяналтынхан Интерполд хандсан байжээ. Түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан“Монгол драй милк” компани Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
Тус компанийн дийлэнх хувийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг юм. Гэхдээ дээрх банкнаас зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр уг компанийн хувьцааг бүгдийг нь шилжүүлсэн. Улмаар Э.Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр дахин бүх хувьцааг нь шилжүүлэн өгсөн нь тодорхой болсон юм. Тийм атлаа Хөгжлийн банкинд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг. Гэвч Хөгжлийн банкинд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй аж.
Тиймээс “Монгол драй милк” компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг хэргийг шийдвэрлэхийн тулд “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнээс зайлшгүй тайлбар, мэдүүлэг авах ёстой болсон учраас Интерполд хандсан юм байна. Интерпол цахим хуудасныхаа цэнхэр буланд түүний талаарх мэдээллийг оруулсан бөгөөд хаана байгаа нь тодорхойгүй хүнийг олохын тулд уг хэсэгт багтаадаг гэнэ. Зарим хүний дунд Х.Бат-Эрдэнэ, Т.Бадамжунай нар нэг арал дээр амьдарч буй гэсэн ам дамжсан яриа байсан. “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ зугтсанаас болж мөрдөн шалгах ажиллагаа удааширч, банкны хүү алданги өсөх, барьцаанд буй эд хөрөнгө үнэгүйдэх зэргээр төрд асар их хохирол учрах магадлалтай байгаа аж.