Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ оны 10 дугаар сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус шалгалтын бүртгэл өнөөдрийн 12.00 цагт эхэлж, ирэх сарын 27-ны оройн 12.00 цагт дуусах бөгөөд https: //burtgel.mglbar.mn/ цахим хаягаар бүртгэх аж. Шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авах бөгөөд сорилгын шалгалтыг 200 минутын хугацаанд 200 асуултын хүрээнд, харин бодлогын шалгалтыг 150 минутад багтаан авах юм байна.
Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтний 70116364 утас руу залган, мөн Монголын хуульчдын холбооны www.mglbar.mn цахим хаягаас авах боломжтой аж.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахаас тодруулсан юм.
-Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ямар зорилгоор зохион байгуулдаг вэ?
-Энэхүү шалгалт нь хуульчийн ерөнхий эрх зүйн мэдлэгийг шалгах, тодруулбал Монгол Улсын шүүх засаглал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, иргэн хуулийн этгээдэд хууль ёсны дагуу хууль зүйн зөвлөгөө өгөх чадамжтай эсэхийг тодорхойлдог юм. Сорилгын шалгалтаа 60-аас дээш оноотой өгсөн шалгуулагч дараагийн шатны шалгалт буюу бодлогын шалгалтад орох эрхтэй болно. Нэг бодлогын бодох хугацаа 150 минут байдаг. Энэ хэсэгт 70-аас дээш оноо авч чадвал хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн гэж үзэж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ авах гэрчилгээ олгодог юм. Ингэснээр тухайн шалгуулагч хуульч гэж дуудуулах эрхтэй болно. Цаашлаад шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч зэрэг тусгайлсан мэргэжлийн шалгалтад орох эрх нь нээгдэж байгаа гэсэн үг. Харин энэ шалгалтыг өгөөгүй, их, дээд сургуулиа эрх зүйн бакалавраар төгссөн хүнийг бол эрх зүйч гэж нэрлэдэг. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг шалгалтын товыг хуульд заасны дагуу 75 хоногийн өмнөөс зарласан.
-Шалгалтад орохын тулд ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ?
-Гадаадын болон дотоодын их, дээд сургуулийг эрх зүйн бакалавраар төгссөн байх, төгссөнөөсөө хойш хоёр буюу түүнээс дээш хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн байхыг шаарддаг. Шүүгч, нотариатч, өмгөөлөгч, УИХ-ын гишүүний туслах зөвлөхөөр, төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн зөвлөхөөр ажилласан хүмүүсийг мэргэжлийн дадлага хийсэнд тооцдог.
-Бүртгэлийн хураамж хэдэн төгрөг байдаг вэ?
-Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар тогтоосон 50 мянган төгрөгийн хураамж авна гэсэн 2016 оны хурлын шийдвэр одоог хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын газар шалгалтын үеэр хөндлөнгөөс ажиглалт хийдэг. Мөн Цагдаагийн ерөнхий газар хамгаалалтын тал дээр хамтарч ажилладаг.
-Ер нь хуульчийн шалгалтад аль хэр олон хүн бүртгүүлдэг вэ?
-Энэ жил 1400 орчим хүн бүртгүүлнэ гэсэн тооцоотой байна. Шалгалтад тогтмол 1000-1200 орчим хүн бүртгүүлдэг. Хамгийн их нь 2014 онд 1506 хүн бүртгүүлснээс 306 хүн тэнцэж байсан. Өнгөрсөн онд 1543 хүн бүртгүүлээд 209 хүн тэнцсэн.
-Шалгуулагчдад анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Бүртгэл албан ёсоор маргааш эхэлж байна. Монголын хуульчдын холбооны вэб сайт руу ороод бүртгэлтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Мөн манай хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэнтэй холбоо барьж мэдээлэл авахыг зөвлөе. Гэрэл зургийг Н.Батбаяр
Улаанбаатар/МОНЦАМЭ/