ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 4 тохиолдлоос коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 20 болон 73 настай хоёр эмэгтэй, Алтанбулагийн боомтоор орж ирж Орхон аймагт тусгаарлагдсан 24 настай эрэгтэй, мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан ОХУ-ын иргэн 65 настай эмэгтэй коронавирусээр халдварласан нь тогтоогджээ.
Ингэснээр Монгол Улсад Ковид-19-ийн батлагдсан тохиолдол 297 боллоо. Эдгэрсэн 269 хүний 44 нь сувилалд, 32 нь гэрийн ажиглалтад байгаа бол, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүний биеийн байдал хөнгөн байна. Харин Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирээд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт элэгний хатуурал, бөөрний дутагдал өвчнөөр эмчлүүлж байсан нэг хүн өчигдөр буюу энэ сарын 12-ны оройн 02.00 цагт нас баржээ. Энэ хүн коронавирусний халдвараар нас бараагүй гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Бусад 483 шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. Үүнд, долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүн, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 165 хүн, ажиглан тусгаарлах байранд байгаа 23 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүн, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүдэд тусгаарлагдсан 4 хүн, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн давтан шинжилгээ багтжээ.