Хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай
Дугаар: 2020/04
Огноо: 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
Энэ нь Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүнийн хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна. Цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болж байна.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО