ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид өчигдөр 595 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсныг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Дээрх шинжилгээнд 7 сарын 30-нд Сидней-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 264 хүн, 7 сарын 12, 14, 25-нд Афганистанаас ирсэн 181 цэргийн давтан шинжилгээ, тусгаарлалтад буй 18 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байрны 8 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолооч, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд явуулын лабораторийн шинжилгээнд хамрагдсан 85 хүн, төмөр замын 13 ажилтны шинжилгээ багтжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 293, үүнээс 260 нь эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж байгаагаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна.