Гадаад улс орнуудад байгаа монгол иргэдээ татан авах хуваарийн дагуу өчигдөр орой АНУ-ын Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тус улсаас 256 иргэн эх орондоо ирсэн юм. Энэхүү нислэг нь АНУ-руу үйлдэж байгаа 2 дахь удаагийн тусгай үүргийн нислэг байв. АНУ-аас ирсэн иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлаад байна.
Тэгвэл өнөөдөр өглөө мөн Шинэ Дели-Ханой -Улаанбаатарын тусгай онгоц "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 168 иргэн эх орондоо ирэв. Энд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн иржээ. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний их сургуулийн дотуур байранд тусгаарлах аж.