Эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхийг анхааруулав

оруулсан Алсын Хараа

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн компани, ААН, байгууллага зэрэг хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ны дотор багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлсэн байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулжээ.

Тодруулбал, энэ талаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан. Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөхийг сануулжээ.

УБЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн Э.Мөнхзул, "Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон Татврын ерөнхий хуулийг шинэчлэгдэн баталсантай холбоотойгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны өмчлөгч, үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, ТУЗ-ийн дарга, гишүүн зэрэг эрх бүхий этгээдийг бүртгэдэг болсон"-ыг онцоллоо.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 190 мянга гаруй хуулийн этгээд бүртгэгдээд байна. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2020 ондоо багтааж бүртгүүлэх шаардлагатайг улсын бүртгэлийн байгууллагаас анхааруулж байна.

Т.Энхтогтох

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих