ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 5-нд гурван лабораторид нийт 441 шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан талаар мэдээлэв.
Тэрбээр “Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 251 зорчигч, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүн, сувилалд тусгаарлагдаж байгаа 9 хүн, тусгаарлах байр болон Халдвартын клиникт ажиллаж байгаа эмч 13 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Замын-Үүдэд тусгаарласан 86 хүн, Дорноговь аймагт тусгаарлагдсан 1 хүнд коронавирус илрээгүй байна. Халдвартын клиникээс өнөөдөр 16 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Эндээс 14 нь энхнийг сахиулагч бол хоёр хүн нь долдугаар сарын 16-нд тусгай онгоцоор ирсэн иргэн байна.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас эдгэрсэн 260 эмчлүүлж байгаа 33 хүн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 30 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлээр ирсэн нэг иргэн ажиглалтад байгаа бөгөөд коронавирусний гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан. Элэгний циррозтой, ээнэгшилтэй, биеийн байдал маш хүнд байгаа. Өнөөдөр Шинэ Делигээс ирсэн хүмүүсээс 4 хүнийг сэжигтэй тохиолдол гэж ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт тусгаарлаад байна” гэв.
Улсын хэмжээнд өчигдөр ажиглан тусгаарлах байранд 273 хүн шинээр орсон бол 520 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогийн байдлаар 2579 хүн тусгаарлалтад байгаа талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
"Эдгээр хүмүүст 31 их эмч, 32 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 70 хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр иргэдэд 13 резидент эмч 22 сувилагч асрагч эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн төмөр замын 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн 12 ажилтан ажиллаж, 7 мянга гаруй хүнд тандалт судалгаа хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 123 хүн хандаж халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. Шуурхай 119 утсанд АНУ, Испани, Японоос Монгол Улсын гурван иргэн утасдаж коронавирусний эмнэлзүй эмчилгээний талаар зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн 1800-2000 утсанд 12 хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөмж зөвлөгөөг авсан” гэлээ.
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах, “ Манай төвийн Хариу арга хэмжээний баг өнгөрсөн 7 дугаар сард 26 удаагийн дуудлага хүлээн авч, тусгай 19 нислэгээр ирсэн 3 мянга 834 иргэнд үйлчилж, тэдгээр хүмүүсийн 85 мянган килограмм ачаа тээш болон 19 онгоц, 29 тусгаарлах байр 148 тээврийн хэрэгсэлд эцсийн ариутггал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн 70284393 утас болон ЗӨСҮТ-ийн цахим хуудас, Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдвараас сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн. Манай вируслогийн лаборатори 4 мянга 527 хүнээс сорьц авч, коронавирус илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Замын-Үүдэд явуулын лаборатори 3 удаа ажиллаж, 452 шинжилгээ хийсэн. Бүх хариу сөрөг гарсан. Өчигдөр урд хилээр орж ирсэн 86 иргэнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан” хэмээв.