Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг томилогдон үүрэгт ажилдаа орлоо.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төсөл, хөтөлбөр хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа Д.Ганхуягт тамгыг нь гардуулан өгөв. Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хурандаа Д.Ганхуягт хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Мөн тэрээр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгт тус салбарыг удирдахад сэтгэл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласанд нь талархал илэрхийллээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай. 1995 онд Нийслэлийн 87 дугаар дунд сургууль, 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, 2004 онд Америкийн Нэгдсэн Улсад Армийн санхүүгийн офицерын сургууль, 2008 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дайны коллежийн дээд дамжаа, 2011 онд ҮБХИС-ийн магистрын дамжааг тус тус төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, нийтийн удирдлагын магистр.
Тэрээр 1999-2000 онд БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст мэргэжилтэн, 2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Барилга, орон сууцны хэлтэст мэргэжилтэн, 2000-2005 онд Зэвсэгт хүчний 014, 150 дугаар ангид санхүүгийн дарга, 2005-2008 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид санхүүгийн дарга, 2010-2012 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст Санхүүгийн удирдлагын мэргэжилтэн, Тайлан бүртгэлийн бодлогын ахлах мэргэжилтэн, 2012-2015 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газарт Санхүүгийн хяналтын албаны дарга, 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд тасралтгүй ажиллаж байна.
Мөн 2005 онд Конго Улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэж байсан юм.