ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа наймдугаар сарын 4-нд гурван лабораторид нийт 615 хүний шинжилгээг хийхэд бүх хариу сөрөг гарсан талаар мэдээлэв.
Тодруулбал, долоодугаар сарын 15-нд ирсэн Сөүл-Улаанбаатар, долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар, долдугаар сарын 22-нд Австрали-Улаанбаатарын тусгай онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын зорилгоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 16 хүн, ХӨСҮТ-д тусгаарласан 2 хүн, ажиглах байр болон ХӨСҮТ-ийн Халдвартын эмнэлэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ явуулж байгаа 19 эмч мэргэжилтэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарласан 2 хүн, Замын-Үүд боомтоор ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан 100 жолоочийн шинжилгээнд вирус илрээгүй байна.
Түүнчлэн өнгөрсөн сарын 12, 14-нд Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ.
Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 293 байгаа бөгөөд үүнээс эдгэрсэн 244, эмчилгээнд 49 хүн байна. Эмчлүүлж баайгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 46 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад тусгаарлалтад өчигдөр 74 хүн шинээр орсон. 25 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бол одоо нийт 2823 хүн тусгаарлах байранд байна. Энд 32 их эмч, 69 резидент эмч, 32 төрийн албан хаагч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт 2 хүн байна. Эдгээрт 13 резидент эмч, 20 сувилагч асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн 11 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй төмөр замын ажилтанд коронавирусний тандалт судалгаа хийсэн” хэмээлээ.