УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит XVII хуралдааныг өчигдөр зарлан МҮЭСТО-нд хуралдуулав.
Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв. Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны шийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэг асуудлуудыг ҮБХ-ны гишүүд хэлэлцсэн.
Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд COVID-19 болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах, Ардчилсан намын Их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хуралдуулахаар боллоо. Мөн одоогийн мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ҮБХ-ны нийт гишүүд үзэж, нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулах болон бусад ажлын багуудыг байгуулахаар шийдвэрлэлээ.
Үндэсний хэмжээний улстөрийн томоохон хүчний хувьд Ардчилсан нам цаашид улс орны хөгжлийн бодлоготой уялдсан эрс шинэчлэлийг зоригтой эхлүүлж, удаа дараагийн ялагдалдаа бодит дүгнэлт хийж, мянга, мянган жирийн гишүүд, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг сэргээн, улс орны тулгуур багана болж ажиллахаа намын удирдлагууд онцоллоо.