Энэтхэг, Хятадын Хуурай замын цэргийн командлалын төлөөлөгчид ням гарагт яриа хэлэлцээ хийж эхэлжээ. Яриа хэлэлцээний үеэр талууд хоёр улсын хил орчмын бүс нутаг дахь нөхцөл байдал хийгээд цэргүүдийг байршуулах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Уулзалтыг Энэтхэгийн хуурай замын цэргийн 14 корпусын командлагч, генерал Хариндер Сингх, Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шинжааны цэргийн тойргийн командлагч, генерал Лю Лин нар явуулах аж.
Талууд 5 дахь удаагаа уулзалт хийх гэж буй нь энэ юм. Хоёр улсыг заагладаг хяналтын шугамын Хятадын тал дахь “Молдо” гэдэг хилийн шалган нэвтрүүлэх цэгт хэлэлцээ явагдаж байна.
Энэтхэгийн талаас Пангонг Цо нуур орчмоос Хятадын цэргүүдийг гаргаж, тус маргаантай бүс нутагт статус квог сэргээхийг зорьж байна.
Тавдугаар сарын эхээр Энэтхэг, Хятадын 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн болсны дараа Ладакх дахь байдал хурцадсан юм. Мөргөлдөөний үеэр хоёр талаас 100 гаруй хүн гэмтжээ. Зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх Галван хөндий орчимд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд дахин мөргөлдөөн болжээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдаж, 76 хүн шархаджээ. Түүнчлэн Хятадын 45 цэрэг амь үрэгдсэн юмуу шархадсан тухай Энэтхэгийн тал мэдээлсэн байна.