Хятадын хоёр иргэн хил зөрчихийг завджээ

оруулсан Алсын Хараа

 Дорноговь аймаг дахь Хилийн 0129 дүгээр ангийн хилийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын нэг иргэн энэ сарын 24-нд  улсын хил зөрчсөнийг гэрээт хилчин Э.Тэмүүлэнгээр ахлуулсан хилийн манаа илрүүлж, саатуулжээ.

Мөн Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд нуугдаж, улсын хил зөрчсөн БНХАУ-ын нэг иргэнийг Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин О.Баяртогтох, Д.Цэнд-Аюуш нар энэ сарын 27-нд илрүүлэн саатуулсан байна.

Хил хамгаалах байгууллага 12 дахь жилдээ гэрээт хилчдээр хил хамгаалалт зохион байгуулж байгаа аж. Хугацаат цэргийн албыг хаасан залуус дахин гэрээт цэргээр хоёр жил үүрэг гүйцэтгэх нь  хил хамгаалалтын үр дүнд ихээхэн эерэг нөлөө үзүүлж буйг тус салбарынхан онцолж байна.

Хилийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчин Э.Тэмүүлэн: БНХАУ-ын талаас явган нэг иргэн улсын хил зөрчсөнийг илрүүлэн, удирдлагадаа мэдэгдсэн. Цар тахлын үе учир бусад үеэс онцлогтой. Улсын онцгой комиссын шийдвэр, заавар зөвлөмжийн дагуу хил зөрчигчид үзлэг хийж биед нь хүрэлгүй аймгийн онцгой комисст мэдэгдэн хүлээлгэж өгсөн. Бид “COVID-19”-тэй холбогдуулан хилийн манаанд явах үедээ халдвар хамгааллыг чанд сахин биелүүлж байна. Бид алсын зайнаас дохиогоор харилцсан тул одоо эмнэлэгт биш гэр ажиглалт буюу тусгай байранд бүлэг ахалсан  ахмад Б.Баатаржавын хамт тусгаарлалтад байна. Шинжилгээ өгсөн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй.

Хилийн 0108 дугаар ангийн гэрээт хилчин О.Баяртогтох: Эрээн-Замын-Үүд чиглэлийн 7813 дугаар ачааны галт тэрэгний тэвшинд гэрээт хилчин Д.Цэнд-Аюушийн хамт үзлэг хийж явах үед БНХАУ-ын нэг иргэн тээврийн хэрэгсэлд нуугдсан байсныг олж илрүүлсэн.. Манай анги цар тахлын үеийн онцгой байдалд шилжсэнээс хойш албаны үйл ажиллагааг халдвар хамгааллын бүрэн хувцас хэрэгсэлтэй хийж байгаа. Хил зөрчигчийг дараагийн шатны байгууллагад нь хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан “COVID-19” халдварын дэгдэлттэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Монгол Улс одоогийн нөхцөл байдалд дотооддоо вирус алдаагүй улсын тоонд зүй ёсоор багтаж байгаа хэдий ч улсын хилийг гадаадаас хил зөрчих, завдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс /байгалийн үнэт чулуу, түүх дурсгал соёлын үнэт өв, эд өлгийн зүйлс/-ийг нуун дарагдуулж хилээр нэвтрүүлэхийг завдах тохиолдол цөөнгүй байна. Хэдийгээр хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн ч боомтын ачаа тээврийн шалгалт  өмнөх үеэсээ 20-30 хувиар нэмэгдсэн байна.

 МОНЦАМЭ

Сэтгэгдэл бичих