ХӨСҮТ болон Дархан- Уул аймгын вирус судлалын лабораторид өнгөрсөн 24 цагт нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдээлэв.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 хүн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн бол эмчилгээнд 66 хүн байна. Биеийн байдал хөнгөн 62, хүндэвтэр 3, хүнд 1 хүн байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тодотгов.
Тэрбээр “Сөүл-Улаанбаатарын 2 онгоцоор ирсэн 439 хүн болон ХӨСҮТ-д тусгаарласан 4 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс идэвхитэй тандалтын зорилгоор 3 хүний сорьцыг санамсаргүйгээр түүвэрлэн авч, шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарласан 33 хүн, эрүүл мэндийн байгууллагын 8 эмч мэргэжилтэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” хэмээв.