Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр / 2020.07.23/ хоёр дахь өдрөө үргэлжилж, шүүхээс гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ШҮҮХЭЭС:
С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй дэглэмд 5 жил хорих ял оноолоо. Мөн хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргалаа.
Ч.Даваанямд 2 жил нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүхээс С.Баяр, Ч.Давааням нарыг:
НПГ-аас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдёэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх 2020 оны 3-р сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаан 2020 оны 7-р сарын 23-ны өдөр дуусаж, шийдвэр гаргалаа.
Шийтгэх тогтоолд:
Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны 11-р сараас 2009 оны 10-р сарын 28-ныг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Засгийн газрын 2008 оны 12-р сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай 58-р тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа, хэлэлцээ хийхийг ЭБЭХ-ний сайд Зориг, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, МУ-ын Засгийн газрын 2009 оны 10-р сарын 6-ны өдрийн эрх олгох тухай тогтоолоор Оюутолгой төслийн хүрээнд “Айвонхоу Майнз Монголиа Инк”, “Айвонхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл холдингс” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Засгийн газрын нэр бүхий гишүүдэд олгож, мөн өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн Оюутолгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трэдинг” ХХК, “Айвонхоу Майнз Монголиа Инк” компанитай 2009 оны 9-р сарын 1-ний Шатах, тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трэдинг” ХХК 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Энэ гэрээний үр дүнд “Петровис трэдинг” компанид эдийн засгийн давуу байдал болон улсын эдийн засагт хүнд хор учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2-т зааснаар:
Шүүгдэгч С.Баяр нь бусдад давуу байдалд олгож олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Ч.Даваанямтай бүлэглэн АНУ руу явж, өөрийн том охин Б.Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэж үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлж байгаа нэрийдлээр тус улсын Сиатл, Нью-Йорк хотуудад 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11643 мянган ам.доллараар худалдан авсан. Улмаар дээрх хөрөнгийг борлуулсан мөнгийг АНУ-ын Bank of America банкин дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3569 мянга 148 ам.доллар буюу 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан үйлдэлд нь Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн давуу байдлаа ашиглан олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн хийж, мөнгө угаасан хэмээн буруутгасан байна.
Монгол Улс ардчиллын замыг сонгосон 30 жилд шүүхээр таслан шийдвэрлэгдэж ял сонссон дөрөв дэх Ерөнхий сайд нь С.Баяр боллоо. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан гурван хүн эрх мэдлээ хасуулан өргөст торны цаана ял эдэлж байна.