УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өгөв:
-Монгол Улс хилээ хааснаас хойш 14371 иргэнийг авто болон агаарын замаар татан авлаа. Гэвч иргэдийн дунд буруу ойлголт байсаар байна. 67 мянган иргэнийг татан аваагүй шүү дээ гэдэг. Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр агаарын болон авто замын хилээ үе шаттай бүрэн хаасан. Хил хаахаас өмнө, 14 хоног карантилах шийдвэр гарахаас өмнө МХЕГ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн иргэдийг хил нэвтрүүлж байсан. Энэ үед оруулсан иргэдийн тоог нийлүүлбэл нийт 67 мянгад хүрнэ.
Агаарын 13 чиглэлээр иргэдээ татан авлаа. Авто замаар өмнөд болон хойд хөршөөс 6000 иргэнээ татан авсан. ОХУ-аас оюутнууд дахин ирэх хүсэлтээ өгөөд байна.
Энэ сард нийт 11 тусгай нислэг хийхээр төлөвлөсөн ч нийт 14 нислэг үйлдэх шийдвэр гарлаа. Учир нь тусгаарлах байрны хүрэлцээ өссөн юм. Дараагийн нислэгийг энэ сарын 28-нд БНСУ руу үйлдэнэ. Ингэснээр энэ сард татан авах иргэдийн тоо 3397 болно. Анх нэг сард 100 орчим л иргэнээ авчирч байсан бол одоо тоо нь өсөж байна. Бид хүчин чадалдаа тултал нь иргэдээ авчирсаар байна.
Монгол руу ирэх иргэдийн тоо яагаад 10 мянгаас буурахгүй байна вэ?
Бид гуравдугаар сард буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Анх энэ тоо 300 байв. Оюутнуудын хичээл сургууль дууссан тул ирэх оюутнуудын тоо өслөө. Манай улсын 46 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдардаг. Тэндээс хамгийн олон иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна. Өмнө нь бид таван шалгуур тогтоон, энэ дагуу иргэдээ түрүүлж авчирч байв. Харин одоо энэ шалгуурт хамрагдахааргүй хүмүүс хилийн чанадад тунаж үлдээд байна.
ГХ-ны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн аваад гадаад улсууд дахь ЭСЯ-дад хэд хэдэн чиглэл хүргүүллээ. Бид татан авахаас өмнө манай иргэдэд тулгарч буй визийн гэх мэт асуудалд дэмжлэг үзүүлэхийг бусад үлсуудаас хүссэн. Мөн хилийн чанад дахь 55 ЭСЯ бүртгэсэн иргэдийнхээ жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэхийг үүрэгдсэн. Мөн өргөдөл гаргасан иргэн бүрд хариу өгөх үүрэг өглөө. Мэдээллийн ил тод байдлыг хангахдаа өргөдөл гаргасан иргэдийн овог нэр, бүртгүүлсэн огноог л мэдээлнэ. Бусад мэдээллийг нийтлэхгүй.
Бид цаашид ч татан авах ажлаа эрчимжүүлнэ. Ирэх сард мөн л 3000 иргэнээ авчирна. Европт 2000 орчим иргэн бий гэлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, 7-р сар гарснаас хойш тусгай үүргийн 10 онгоц хүлээн аваад байна. Долоодугаар сард 14 удаагийн нислэгээр 3397 хүн ирж байна. газраар 418 иргэний татан авлаа. Мөн цэргийн 333 албан хаагч эх орондоо ирнэ. Ингэснээр нийт 4148 иргэнийг онгоцоор татан авах юм. Татан авалт өмнөх сараас 54 хувиар өссөн. Ирэх сард мөн иргэдээ татан авах ажиллагааг нэмэгдүүлнэ.
Тусгаарлах байранд 2700 гаруй хүн тусгаарлагдаж байна. Өчигдөр 646 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Улсын хэмжээнд 1630 хүн гэрийн ажиглалтад байна.
Нислэг шахуу байсан цаг хугацааны боломж гараагүй зэрэг шалтгаанаас болж, суухаасаа өмнө төлбөрөө барагдуулж амжаагүй иргэд бий. 90 орчим сая төгрөгийн өр төлбөр үүссэн бөгөөд төлбөр барагдуулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Прокурорын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна. Ажил урагштай явагдаж байна. Замын-Үүдээр ирсэн төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд ажил хийж, төлбөрөө барагдуулж байна гэлээ.
Энэ үеэр ҮҮХШЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал дараах мэдээллийг өгөв:
-Урд хөрш рүү хоёр гарцаар нүүрс экспортолж байна. Эдгээр нь Замын-Үүд, Гашуун Сухайт боомтууд юм. Гашуун Сухайт боомт нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц. Энэ боомтоор өдөрт дунджаар 500 орчим нүүрс тээвэрлэсэн машиныг хил нэвтрүүлж байна. бид энэ тоог өсгөх, одоо хоёр байгаа гарцаа гурав болгохоор ажиллаж байна. Мөн Ганц мод-Гашуун Сухайтын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох саналыг манай талаас өмнө нь ч тавьж байсан. Хэрэв энэ нь ажил хэрэг болбол боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэн, улмаар нүүрсний экспорт дагаад өсөх боломжтой гэв.
Нүүрс манай улсын экспортын гол орлогын эх үүсвэр. Өнгөрсөн тавдугаар сард тус боомтоор өдөрт 190 машиныг нэвтрүүлж байсан юм. КОВИД 19-ийн цар тахлын улмаас энэ онд экспорт ихээхэн саарч, улсын төсвийн алдагдал зургадугаар сарын байдлаар 2 их наяд төгрөгт хүрээд байна хэмээн мэдээлэв.