Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноолоо

оруулсан Алсын Хараа

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж 22.00 цагийн орчимд өндөрлөлөө. Хуралдаанаар, дээрх хүмүүсийг бусдыг эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон талийгаачийн гэргий Б.Булган нар хохирогчоор оролцов. Өнгөрсөн пүрэв гарагт эхэлж тав дахь өдрөө үргэлжилсэн тус шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж 13.00 цагийн орчимд завсарласан. Улмаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж 20 цагийн үед дахин хуралдааныг үргэлжлүүлснээр, 22.00 цагийн орчимд шийдвэр гарсан байна.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүж ял тулгасан гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц,  УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татаад байсан юм.

Тэднийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, Эрүү шүүлт тулгасан үндэслэлээр хэрэгт холбожээ. Хохирогчоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржээ, Т.Чимгээ нар оролцож байна.ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих