ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр 461 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.
Үүнд энэ сарын 2-нд Сөүлээс ирсэн хоёр онгоцны 383 хүний давтан шинжилгээ, мөн өдөр АНУ-аас ирсэн 25 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн 20 жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ багтжээ. Мөн энэ сарын 2-нд Сөүлээс ирсэн 260, Австралиас ирсэн 48 хүний давтан шинжилгээг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж байгаа аж.
Манай улсад Covid-19 халдварын нийт 287 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 210 хүнийг эмчлэн дараагийн шатны сувилалд шилжүүлсэн бол 74 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрсэн тохиолдол гарч байгаа бөгөөд үүнийг дэлхий нийт судалж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэмдэглэлээ.