ОХУ-д вакцины туршилтад оролцож буй сайн дурынханд эсрэг биет үүсжээ

оруулсан Алсын Хараа

 ОХУ-ын нийслэл Москва хотын Бурденкогийн нэрэмжит цэргийн эмнэлэгт явуулж буй коронавирусний вакцины туршилтад оролцож буй хоёр дахь ээлжийн сайн дурынханд эсрэг биет үүссэн гэж тус улсын Цөмийн, биологийн, химийн батлан хамгаалах хүчний судалгааны 48-р төв хүрээлэнгийн дарга, хурандаа Сергей Борисевич “Красная Звезда” сонинд мэдээлжээ.

“Сайн дурынханд коронавирусний эсрэг биет үүссэнийг шинжилгээний дүн харуулсан. Вакцины бүрэлдэхүүнүүд нь аюулгүй хийгээд маш тэсвэртэй байна” гэж тэрбээр хэлээд, вакцины эмнэлзүйн өмнөх туршилтад том, жижиг биетэй олон амьтныг оролцуулсан гэдгийг онцлон хэлсэн байна.

Уг вакциныг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Гамелейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд ижил платформыг Эболагийн вакцин гарган авахад ашигласан ажээ.

“Хоёр дахь буюу сүүлийн ээлжийн сайн дурын бүлэг нь 20 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарна” гэж С.Борисевич мэдээлжээ.

“Мэргэжилтнүүд туршилтын үр дүнг задлан шинжилсний дараа вакциныг бүртгүүлэх ажиллагааг эхлүүлнэ" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Вакцины туршилт долоодугаар сарын эцэс гэхэд дуусах төлөвтэй байна гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зургаадугаар сарын 30-нд мэдээлсэн юм.

МОСКВА. /TASS/

Сэтгэгдэл бичих