Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт ХБНГУ, Канад, Куба, АНЭУ, Израйл, Кувейт зэрэг орны төр, засгийн тэргүүн нар баярын мэндчилгээ ирүүлжээ.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын мэндчилгээ илгээж “Онцгой итгэлцэл, уламжлалт нягт хамтын ажиллагаа Монгол-Германы харилцааг тодорхойлж байгаад миний бие баяртай байна. Аюулгүй байдлын бодлогын чиглэл дэх хамтын ажиллагаа, монгол-германы ашигт малтмалын салбарын түншлэл үүний олон жишээний зөвхөн хоёр нь юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Канадын Амбан захирагч Жюли Пает Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн баярын мэндчилгээндээ “Монголын ард түмэн цар тахлын үед ч үндэсний бахархал, эв нэгдлийн баяр наадмаа телевиз, олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан шинэлэг байдлаар тэмдэглэх тухай сонсоход таатай байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам өмнөх жилүүдийн нэгэн адил өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэл, хүрсэн ололт амжилт, танай улсыг тодорхойлох зарчим, үнэт зүйлсийг эрхэмлэсэн баяр байх болно гэж харж байна” гэжээ.
Энэ жил манай улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Пает “Монгол Улсын Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэхийн зэрэгцээ хоёр талын харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн гэдгээ дахин илэрхийлье” хэмээсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн байна.
АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Халифа бин Заид Аль-Нахъян Пает Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын мэндчилгээ илгээж “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон монголын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч, Монгол Улсад хөгжил цэцэглэлийг ерөөе” хэмээжээ.
Израил Улсын Ерөнхийлөгч Риви Ривлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ манай хоёр орны дотно харилцаа, бат бөх нөхөрлөлөөр бахархаж байдгаа дурдан хамтын ажиллагаагаа цаашид олон салбарт үргэлжлүүлэн бэхжүүлэхэд найдаж буйгаа илэрхийлэв.
Кувейтын Эмир Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний баяр наадмыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, манай хоёр орон, ард түмний хоорондын найрсаг харилцаа улам бүр хөгжиж буйд тааламжтай байгаагаа илэрхийлэн баяр хүргэв.
Израил Улсын Парламентын дарга Ярив Левин УИХ-ын дарга Г.Занданшатарт баярын мэндчилгээ илгэээж, дэлхий нийтийн хамтын ирээдүйн төлөөх олон улсын хамтын ажиллагааны шаардлага, хүчтэй түншлэл урьд өмныхөөс илүү чухлаар тавигдаж байгааг чухалчлав.
Мөн тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Манай Засгийн газар Монгол, Израилийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө байна. Бид хамтын ажиллагаагаа нэгдмэл эрх ашиг бүхий олон салбарт хамтдаа өргөжүүлэн хөгжүүлж чадна” хэмээн онцлон тэмдэглэжээ.