Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд иргэдийн санхүүгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, БСШУЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016-2021 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд мэргэжилтнүүд болон сургагч багш нарын тусламжтайгаар Монгол Улсын хэмжээнд Насан туршийн боловсролын үндэсний төв, Хүүхэд залуучуудын төв, МСҮТ, их дээд сургуулиуд болон ЕБС-ийн нийт 2,376 багшийг бэлтгэсэн байна. Энэхүү үр дүнтэй байдлыг харгалзан үзэж сургагч багш нар болон хөтөлбөрийг хариуцсан хамтран хэрэгжүүлэгч байгууллагын мэргэжилтнүүдэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван талархал илэрхийлэв. Мөн үеэр Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв болон Бичил Санхүүгийн хөгжлийн сантай хамтран 2019 оны “Санхүүгийн шилдэг сургагч багш” нарыг тодрууллаа.