Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө.
Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, Ниссан брэнд хариуцсан дэд захирал Г.Баттулга, Рено брэнд хариуцсан дэд захирал Т.Эрдэнэсайхан нар оролцлоо.
Энэ үеэр НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан хэлэхдээ “Үндэсний их баяр наадамд 512 бөхөөс ес давж, Монгол Улсын
аварга цолыг хүртсэн П.Бүрэнтөгс аваргадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе. Үндэсний их баяр наадмын дархлаа болсон үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагналыг “Моннис моторс” компани хариуцан ажилладагт мөн талархал илэрхийлж байна” гэсэн юм.
“Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар “Манай компанийн хувьд НЗДТГ-тай таван жилийн гэрээтэй хамтран ажиллах хүрээнд түрүү бөхийн шагналыг хоёр дахь жилдээ гардуулан өгч байна. Энэ сайхан өдөр Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд аваргын шагналыг гардуулан өгч байгаадаа баяртай байна” хэмээлээ.
Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс наадамчин олондоо хандаж, өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Төрт ёсны их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Монгол бөхийн ноён оргил аварга хэмээх цолонд хүрсэндээ туйлын баяртай байна. Хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр дүн ирж байгаа гэж бодож байна. Намайг дэмжиж ирсэн монголчууддаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Мөн “Моннис моторс” компанийн нийт хамт олонд баярлаж, талархаж байгаагаа хэлье” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс