Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

оруулсан Алсын Хараа

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажил өрнөж буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр үйлдвэрийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд хийгдэж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өнөөдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж.

Ингэснээр цагт 30мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Дараагийн ээлжийн A, B блок үйлдвэрүүд ирэх есдүгээр сарын дундуур ашиглалтад орохоор төлөвлөжээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлж байгаа аж. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ.

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.

МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт ажиллахаар тооцоо гарсан. Налайх дүүрэг,Төв аймаг, Улаанбаатар хотоос ажиллах сонирхолтой иргэд санал хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс тодорхой шалгуур тавьж ажилтнаар авч, сургалтад хамруулна. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд боблох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө.

Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн нэмэлт мэдээллийг өглөө.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ж.Мөнхжаргал сайжруулсан түлшний нөөцлөлт, хадгалалт, сайн карт болон түлш борлуулах цэгийн мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан. Тиймээс түлш нөөцлөлт, борлуулалт, хадгалалт тээвэрлэлтийн асуудалд Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар харилцан уялдаагаа сайжруулж онцгой анхаарч ажиллахыг сануулсан юм.

Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж, нийслэлийн бүх дүүрэг хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иймд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвлөмжийг хүргэж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл бичих