Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, “Тавантолгой түлш” ХХК хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь хүргэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/800 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Хэрлэн, Туул, Баянзүрхийн гүүр, Төмөрзамын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголийн гүүр зэрэг маршрутаар нийслэлийн аврах анги өдөр бүр 94 нэгж техник хэрэгсэлтэйгээр хөдөлгөөнт завьт эргүүл болон явганаар үүрэг гүйцэтгэж, иргэдийг голын усанд өртөхөөс авран хамгаалж байна. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна” гэлээ.
4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Долоодугаар сарын 1-ний байдлаар дэлхийн хэмжээнд 10.563.221 коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралт 513.032 бүртгэгдэж, 5 сая гаруй тохиолдол бүрэн эдгэрсэн дүн мэдээ байна. Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагт халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Монгол Улсын хувьд мөн сүүлийн 24 цагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаа бол 2.458 хүн тусгаарлалтад бий. Нийслэлийн Онцгой комиссын даргын 02 дугаар тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Шуурхай штаб байгуулагдан ажиллаж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ирлээ. 2020 оны хоёрдугаар сарын 7-ноос зургаадугаар сарын 30-ныг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 4.021 эмч, эмнэлгийн ажилчин хяналт тандалт хийж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ” гэсэн мэдээллийг өгөв.
“Хаврын хуурайшилт зургаадугаар сарын 10-нд дууссан. Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа тул тогтоол ус, цүнхээл ус их тогтож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршилд эрсдэл байх магадлалтай тул тус газруудад анхааруулга мэдээлэл бүхий самбар байршуулсан. Иргэд аялал зугаалгаар явахдаа хүүхдээ усанд осолдох эрсдэлээс хамгаалах, анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Мөн тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор зуслангийн ойролцоо газраас 30 тарвагыг иргэд суурьшдаггүй бүс рүү шилжүүлэн суурьшуулсан. Нийслэлд 116 мянган га ойн сан байдаг. Үүний 95 мянган га нь ойгоор бүрхэгдсэн. Эл газруудад хуурайшилт их байна. Энэ жил самар ургадаг жил. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 17 хувьд самар ургах боломжтой. Самрыг бүрэн боловсорсон үед нь түүхийг анхааруулж байна. Ойн сан бүхий газарт хууль бусаар газар олгож байна. Иргэд зуслангийн газар авахдаа нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, газраа шалгуулах боломжтой” гэж НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа мэдээлсэн юм.
Шахмал түлшийг зуны хоёр сард бүх боломжоороо нөөцлөхийг иргэд, ААН-үүдэд уриалав
“Тавантолгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь “Тавантолгой түлш компани үйлдвэрийн засвараа хийж, түлшний нөөцөө хангаж эхэлсэн. Мөн зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Энэ жил өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшнээс хамаагүй илүү түлшийг нөөцлөхөөр зорьж бэлтгэл ажлаа хангаж байна. Түлш нөөцлөх агуулах хүрэлцэхгүй хүндрэлтэй асуудал байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд зуны хоёр сард багтан өөрсдийн боломжоороо түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. Бидэнтэй гэрээтэй ажилладаг газрууд гэрээний дагуу сайжруулсан түлшээ нөөцлөх хэрэгтэй. Мөн “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай гэрээ байгуулж, иргэн, аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулахаа түрээслэх боломжтой” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолж хэлэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс