Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүллээ. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн бөгөөд албан бус орчуулгыг хүргэж байна."
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс орнууд мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлаа арилгах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байна. ФАТФ-аас улс орнуудыг хяналтад оруулсан гэдэг нь тухайн улс орнуудыг стратегийн дутагдлаа тогтоосон хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх үүрэг амлалт өгч, хяналтад хамруулахыг хэлдэг. Энэхүү хяналтын жагсаалтыг ихэвчлэн “саарал жагсаалт” гэж нэрлэдэг.
ФАТФ-ын зүгээс хяналтад байгаа улс орнууддаа стратегийн дутагдлаа шийдвэрлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийн талаарх тайланг ирүүлэх, харилцан тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө заасан хугацаанд яаралтай биелүүлж дуусгахыг шаарддаг. Хэдийгээр ФАТФ нь эдгээр улс орнуудад харилцагчдыг таньж мэдэх нарийвчилсан хяналтын арга хэмжээ авахыг шаарддаггүй боловч өөрийн гишүүн орнуудыг тухайн улс орнуудын эрсдэлийг үнэлсэн мэдээллийг анхаарч үзэхийг зөвлөж байна. Мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудыг нэмж тодорхойлох ажлыг цаашид үргэлжлүүлэх болно.
Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан улс орнуудад үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын хүсэлтийг харгалзан үзэж, үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бөгөөд бусад улс орнуудад хийх үнэлгээний хугацааг 4 сараар сунгалаа. Үүний үр дүнд ФАТФ-аас Монгол Улсын үнэлгээг хийж, холбогдох төлөөллүүдтэй цахим хурал зохион байгуулсан бөгөөд энэхүү хурлын үр дүнг танилцуулж байна.
Монгол Улс
2019 оны 10 дугаар сард Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн хамтарсан бүлэгтэй хамтран ажиллах улс төрийн өндөр түвшний үүрэг амлалтыг өгсөн. Энэ хүрээнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн онлайн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнгийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид хэрэгжилтийг тогтвортой хангахын тулд улс төрөөс шаардагдах хүчин чармайлт байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор газар дээрх хяналт шалгалт хийх шийдвэрийг гаргав.
Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:
(1) Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
(2) тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;
(3) хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
(4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
(5) санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. ФАТФ-аас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.
Иймд ФАТФ-аас 2020 оны 2 дугаар сард гаргасан хяналтын жагсаалтад Монгол Улс болон Исланд Улсаас бусад дараах улс орнуудыг хэвээр үлдээж байна. Үүнд:
- Албани
- Багамын арлууд
- Барбадос
- Ботсвана
- Камбож
- Гана
- Ямайк
- Мавритани
- Мьянмар
- Никарагуа
- Пакистан
- Панам
- Сири
- Уганда
- Йемен
- Зимбабве
ФАТФ-аас гаргасан мэдэгдэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Jurisdictions under Increased Monitoring – 30 June 2020
Outcomes FATF Virtual Plenary, 24 June 2020