Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух газруудаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, автомашиныг голын ногоон бүсээс холдуулах ажлыг зохион байгуулж байна.
Нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 6233 иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргажээ.
Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс