Өчигдөр манай улсад коронавирусний халдварын 2 тохиолдол шинээр бүртгэгдэж, 7 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолооч, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 80 настай иргэнээс вирус илэрснээр батлагдсан тохиолдлын тоо 206 боллоо.
Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 314 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Үүнд энэ сарын 20-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 262, Нийслэлийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүдийн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан 13, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээ багтсан байна.
Өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байгаа ОХУ-аас ирсэн 7 оюутныг 20-37 хоногт эмчилжээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 206, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 боллоо. Одоо ХӨСҮТ-д 67 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 60 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүнийх хүндэвтэр байна.
Улсын хэмжээнд 2184 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд үүнээс 108 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 265 иргэнээс 5 хүнийг сэжигтэй хэмээн үзэж ХӨСҮТ-д тусгаарлажээ.