ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн “National Interest” сэтгүүлд зориулж, Дэлхийн хоёрдугаар дайны тухай нийтлэл бичжээ.
Уг нийтлэл нь “Аугаа Ялалтын 75 жил: Түүх ба ирээдүйн өмнө хүлээх нийтлэг үүрэг хариуцлага” гэдэг гарчигтай ажээ. “ОХУ-ын Ерөнхийлөгч өдгөө Европын улстөрчид тэр дундаа Польшийн удирдагчид “Мюнхений хуйвалдааны баримтыг гуйвуулахыг оролдож” байгаатай холбогдуулан Дэлхийн хоёрдугаар дайны талаарх цогц дүгнэлтийг санал болгож байна” гэж тус сэтгүүлийн редакц онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч бүр 2019 оны сүүлчээр 1939-1945 оны хооронд үргэлжилсэн цэргийн мөргөлдөөн эхэлсний хариуцлагыг ЗХУ фашист Германтай адил тэнцүү хүлээх ёстой гэж Өрнөдийнхөн буруутгаж байхад үед ийм нийтлэл бичихийг хүсэж байжээ
“Түүхийн сургамжийг мартах нь эцэстээ зугтах аргагүй өр төлөөс болж хувирдаг. Бид түүхэн баримтуудад тулгуурлан үнэнийг тууштай хамгаалахын зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын тухай үнэнийг ярисаар байх болно” гэж В.Путин мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн улс орнуудад хандан өөрсдийн архивыг ил болгох, дайны болон дайны өмнөх үеийн тухай урьд өмнө мэдэгдээгүй баримт бичгүүдийг нийтлэх үйл явцыг түргэтгэхийг уриалаад ОХУ сүүлийн жилүүдэд үүнийг хийж байгаа гэдгийг дурдсан байна. "Бид өргөн хүрээнд хамтран ажиллаж, түүхч-эрдэмтэдтэй хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэж В.Путин нэмж хэлжээ.МОСКВА. /RIA Novosti/