Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долоодугаар сарын эхний хагаст татан авах тусгай үүргийн нислэгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргав. Энэ дагуу:
- 2020.07.02 Сөүл
- 2020.07.04 Токио
- 2020.07.07 Сөүл
- 2020.07.09 Истанбул /транзит/
- 2020.07.15 Сөүл /транзит/ чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болов.
Мөн БНХАУ-д байгаа 160 гаруй иргэнийг ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор татан авахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын Бээжин хотын нэр бүхий хүнсний захуудад КОВИД-19 тархаад байгаа учир 2020.06.22-ны өдрөөс 2020.07.06 хүртэл 14 хоногийн хугацаанд тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортоор оруулахыг түр хориглов. Мөн хурлаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тогтоосон зарим хязгаарлалтыг сулруулах чиглэлээр санал боловсруулж танилцуулахыг холбогдох байгууллагуудын удирдлагад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.