Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 339 хүний сорьцод шинжилгээ хийхэд гурваас нь коронавирус илэрчээ.
"Тэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар бөгөөд 32-59 настай ОХУ, Беларусь, Монгол Улсын иргэд байна. Тэднийг ХӨСҮТ-д авчирч эмчилнэ" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Харин "COVID-19”-өөр өвчилсөн 5 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан юм.
Манай улсад “COVID-19”-ийн нийт 204 тохиолдол бүртгэгдсэнээс 132 хүн эдгэрээд байна. Эмчлүүлж буй 72 хүний 67 нь хөнгөн, 5 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Харин 336 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр ирсэн 266 иргэнээс авсан шинжилгээнд халдвар илрээгүй байна. Мөн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Завхан, Увс аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 13 сорьцод халдвар илрээгүй байна.