Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтуудын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцав. Улсын төсөвт санхүүжилт нь тусгагдаж, он дамнан баригдаж бйагаа барилга гүйцэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарласантай холбогдуулан АХБ-ны болон бусад санхүүжилтээр шинээр хийгдэж буй бүтээн байгуулалт ч сумдад өрнөж байна.
Батноров, Норовлин, Биндэр, Дадал сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна. Тодруулбал 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол улсыг тунхагласаныг бэлгэдэн "Монгол төрийн их хуралдай орд" цогболборыг тус газарт нь байгуулж байна. Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм.
Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ.
Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голынхоо хойд талд амьдардаг бөгөөд голын урсацаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.