Коронавирусээр халдварласан 10 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэдний найм нь оюутан, хоёр нь 49-55 насны иргэд бөгөөд 17-55 хоног эмчлүүлжээ. “Оюутнуудын эмчилгээний хоног цөөн буюу 17-19 хоног байсан бол, элэгний хавдартай, 64 настай, эмэгтэй 45 хоног эмчлүүлсэн байна. Түүнчлэн 49 настай иргэн 55 хоног эмчлүүлжээ. Үүнээс үзэхэд ахимаг настай, архаг хууч өвчтэй хүний эмчилгээ нарийн төвөгтэй, вирусний эмчилгээнээс гадна суурь өвчинд нь зориулсан эмчилгээг хавсарч хийж буйгаараа онцлогтойг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тодотгов.
Манай улсад “COVID-19” халдварын 197 тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн 11 цагийн байдлаар 108 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, ажиглалтад байгаагаас коронавирусээр халдварласан 89 хүн эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр буюу энэ сарын 14-нд нийт 258 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор тавдугаар сарын 26-нд ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээ багтжээ.