БНЭУ, Лаос улсаас өчигдөр буюу энэ сарын 13-нд тусгай нислэгээр эх орондоо ирсэн 22 иргэн, Гоман дацанд шавилж байсан 229 сурагчаас авсан коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд өчигдөр 294 иргэнээс коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүх хариу сөрөг гарсан. Үүнд дээрх нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээний хариу багтаж байгаа. Мөн ХӨСҮТ-д тусгаарласан 7, Сэлэнгэ аймагт тусгаарласан 1, Алтанбулаг боомтоор орж ирсэн 27 жолоочид шинжилгээ хийсэн” гэлээ.
Харин өнөөдөр коронавирусний халдвар авсан 3 оюутан эдгэж, эмнэлгээс дараагийн шатны хяналтад шилжсэн байна. Тэд ОХУ-ын цэргийн сургуулийн оюутан юм. Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан 197 тохиодлоос 98 нь эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д эмчлүүлж буй 99 иргэнээс 11-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бол 88 нь хөнгөн байна.