Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан.Тэгвэл өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав.2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн 4 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх  зургийн даалгаварыг батлуулаад байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл  өвсний түймэр 273 удаа гараад байна. Тиймээс Нийслэлийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/454 дүгээр захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 26 зуслангийн аманд үе шаттайгаар зохион байгуулж байна.Энэ ажил иргэдийн дэмжлэгтэйгээр хамтран ажиллаж үр дүнд хүрэх учиртай.Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээгээд байна” гэв.

Шадивлан зуслангийн тухайд  896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу  орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна. Ажлын хэсэгт нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.  Нийт 65  албан хаагчид оролцож байна.Цаашдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө баримтлан дүүргүүд  газар олголт хийх, кадастрын зургийн дагуу хашаа бариулах, орц гарц гаргаж газар зохион байгуулалтыг хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих