Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор энэ сарын 10-нд ирсэн зорчигчдоос гурван хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэхдээ, “Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 184 зорчигчоос гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжлэхэд хариу нь сөрөг гарсныг өчигдөр мэдээлсэн. Харин үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ” хэмээв.
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр буюу зургаадугаар сарын 11-нд нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 нь халдваргүй гарчээ.
ХӨСҮТ-өөс зургаан хүн өнөөдөр эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжиж байна. Тэд 19-22 насны таван оюутан, 33 настай нэг иргэн байгаа бөгөөд 4 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй юм. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутныг 27-29 хоног эмчилжээ.
Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 197 тохиолдол бүртгэгдэж өнөөдрийн 11 цагийн байдлаар 95 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас эмчлүүлж буй 102 хүний 91 нь хөнгөн, 11 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.