Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өгөв.
Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” хэмээн онцлов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.